Б.Бат-Эрдэнэ: ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ
2025.05.12

Б.Бат-Эрдэнэ: ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ

"ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Тус хурал нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал хүсэлтийг тусгах зорилгоор хийгдэж буй хэлэлцүүлгүүдийн үргэлжлэл юм. Хэлэлцүүлэг, судалгаанд үндэслэн боловсруулагдаж буй уг төсөл нь хэрэглэгчийн эрх ашгийг илүү тодорхой, үр нөлөөтэй хамгаалах зорилготой.

УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд “Одоогийн мөрдөгдөж буй хуульд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээ хязгаар хэт хумигдмал, нэр томъёо нь ерөнхий байдалтай байгаагаас хэрэглэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл үүсч байна” гэдгийг онцоллоо.

Хурлын үеэр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Р.Пүрэвбаатар (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, анхаарах зарим асуудал)
  • Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач Л.Мишээлт (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах гадаадын зарим орнуудын эрх зүйн зохицуулалт)
  • Отгонтэнгэр их сургуулийн Хууль, эдийн засгийн сургуулийн захирал, доктор С.Эрдэнэболор (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль дахь төрийн бус байгууллагад холбогдох зохицуулалтыг онол, онолын загварт холбосон дүн шинжилгээ) нар илтгэл тавьж, хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой судалгаа, санал, дүгнэлтээ танилцууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон талын оролцоог хангах чухал алхам боллоо. УИХ-ын Тамгын газар, Монополын эсрэг газар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран өнөөдөр /2025.05.09/ “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.