2025.05.12
Д.Бум-Очир: Уг дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол 1996 оны түүх давтагдаж ҮХ-ийн цэц УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг хүчингүй болгох вий
УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Цэцийн дүгнэлт зөв гарсан байна. Мөн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнийг би дараах үндэслэлээр тайлбарлая.
Нэгдүгээрт, цэц дээр маш төстэй гомдлууд өмнө нь ирж байсан. Дүгнэлт нь Үндсэн хуулийн болоод сонгох эрхийг зөрчиж байна гэсэн дүгнэлтүүд удаа дараа гарч байсан. Мандатын тоонд хүрэхгүй санал өгсөн хуудсыг хүчингүйд тооцох нь эс сонгох эрх буюу одоогийн тохиолдолд цагаан сонголт гэж ярьдаг, энэ эрхийг нь хязгаарласан зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл иргэн хэсэгчлээд цагаан сонголт хийчихсэн байна. Тухайлбал 9 мандатын 5-ыг нь сонгочихсон 4-ийг нь сонгоогүй гэвэл дутуу сонгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгочих юм бол тэр 5 сонголтыг нь хүчингүй болгох замаар сонгогчийн саналыг хүчингүйд тооцож байгаа.
Хоёрдугаарт, цэцийн дүгнэлтэд гарсан одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол огт санал тэмдэглээгүй хуулийг хүчингүйд тооцохгүй, хүчинтэйд тооцож байгаа. Гэтэл санал тэмдэглээгүй хуудсыг хүчинтэйд тооцож байгаа мөртлөө, дутуу тэмдэглэснийг хүчингүйд тооцож байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна.
Түүнээс гадна бас нэгэн мэдээллийг гишүүддээ хүргэмээр байна. 1996 онд гарсан маш төстэй явдал байгаа юм. Энэ оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай заалт орж ирсэн. Үүнийг Ховд аймгийн харьяат н.Чулуунжав гэдэг хүн цэцэд гомдол гаргаад 1996 оны тавдугаар сарын 23-ны 3-р дүгнэлтээр хүлээж авсан байдаг. Цэцийн энэ дүгнэлтийг яг одоо бид хэлэлцэж байгаа шиг УИХ хүлээж аваагүй юм байна. Гэтэл эргээд УИХ-ын чуулганы хүлээж аваагүй дүгнэлтийг цэц 1996 оны зургадугаар сарын 19-ний 2-р тогтоолоороо хүчингүй болгочихжээ. Тогтоол нь миний гарт байна. Тэгэхээр 1996 онд болсон энэ үйл явдал давтагдах вий гэж бодогдож байна. Ц.Сандаг-Очир гишүүний санал байсан. УИХ хүлээж авахгүй нь эвгүй биш үү? Олон нийтийн дургүйцлийг хүргэх бишүү гэж байсан. Би адилхан санал бодолтой байна. Цэц УИХ хүлээж аваагүй тохиолдолд 1996 оны зургадугаар сарын 19-ний 2-р тогтоолоороо цэц ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр нэгд, санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай хуулийн заалтыг хүчингүй болгосон. Хоёрт, УИХ-ын гаргасан тогтоолыг давхар хүчингүй болгоод энэ тогтоолоор энэ шийдвэрийг эцсийн шийдвэр гэж цохон тэмдэглэсэн байгаа юм. Энэ бол бидэнд нэлээд сургамжтай үйл явдал болов уу гэж бодож байна. Хэрвээ УИХ цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авахгүй бол 1996 онд болсон энэ үйл явдал шиг цэц их суудлын хурлаараа энэ хуулийн заалтыг болоод мөн манай чуулганы УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох үйл явдал болохвий гэдгийг гишүүддээ болоод олон нийтэд хэлмээр байгаа юм.

Сэтгүүлч