
С.Эрдэнэболд: Хүний эрхийн асуудал дунд “жижиг” асуудал гэж байдаггүй
Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байх зорилгоор Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд Төрийн ордонд боллоо.
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өмнөх уулзалтууд үр өгөөжтэй болсныг тэмдэглэн хэлэв. Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилт сэдвээрх 4 дүгээр сарын уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох журмыг боловсруулан ажиллаж байгаа талаар дурдав.
Өмнөх зургаан удаагийн уулзалтаар ойлголтоо нэгтгэх зорилго тавьж байсан бол 4 дүгээр сарын уулзалтаас эхлэн шийдэлд чиглэн ажиллаж байгаачлан энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийг ч мөн “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр үр дүнд чиглэж байгааг тодотголоо.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр эхлээд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр 1995 онд байгуулагдсан төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бүтэц, механизм бий болгожээ. Улсын хэмжээнд 800 гаруй Хамтарсан баг ажиллаж байгаа бол 40 гаруй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарсныг танилцууллаа.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг олон нийтээрээ ойлгож, энэ талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан гэв. Үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа өргөн хүрээтэй явагддаг болсныг дурдав.
Илтгэлийн сэдвийн хүрээнд 2021-2023 онд нийт 16 судалгаа хийгдсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд 2023 онд үнэлгээ хийгдсэн байна Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна.
Ноцтой хэлбэр гэдэг цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл дарамтлах гэх зэргээр хуульд томьёологдоогүй хэлбэрээр үйлдэгддэг болсныг хэлж байгаа аж. 2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын 1 нь л илэрч, үлдсэн 9 нь нуугдмал байгаа гэдэг дүн гарсныг мөн дурдлаа.
Энэ төрлийн гэмт хэргийн нөлөө нь хохирогч, тухайн гэр бүлд тусах төдийгүй нийгэмд асар хортой үр дагавар үүсгэж байдгийг илтгэлд дурдсан. Жирэмсэн үедээ зодуулснаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, үр зулбах, сэтгэцийн гэмтэлд өртөх гээд өргөн хүрээнд анхаарч, шийдэх шаардлагатай.
Үүнд хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа, ёс суртахууны уналтад орж байгаа, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендэрийн уламжлалт хандлагууд нөлөөлж байгаа гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг Н.Арвинтариа захирал танилцууллаа. Төрөөс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөлт байхгүйгээс хэрэгжих боломжгүй, хяналтгүй, уялдаагүй байна гэв.
Мөн санхүүжилт тогтворгүй, төсөв дутмаг /олон улсын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай/, мэдээллийн сан байхгүй, статистикийн уялдаа сул, салангид байгааг дурдсан юм.
“Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл танилцуулав.
Насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас энэ сэдвээр, дэд сэдвийн хүрээнд ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн талаар илтгэлийг танилцуулж байгаагаа илтгэгч эхэнд нь дурдлаа.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн тоо 2020 оноос хойш жил тутам өссөөр байгаа ч мэдээллийн сан нэгдмэл бус учраас цагдаа, хүчирхийллийн төвүүд, шүүхийн баримт, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын тоо баримтууд тус тусдаа, өөр өөр байдгийг тодотгож байв.
Монгол Улсын гэмт хэргийн цагаан номд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 60-70 хувь нь гэрт нь үйлдэгдсэн байдаг хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол тус төрийн бус байгууллагын кэйс судалгаа ч үүнийг нотолдог гэв. Мөн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг болохыг нийгэм даяараа онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Нэг удаагаас нэг жил, бүр 10 жилийн турш үргэлжилсэн тохиолдол байгааг дурдсан.
Энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд суурь тоо баримт нэн чухал байтал мэдээллийн сангийн хангалтгүй, салангид байгаа нь шийдэл боловсруулах боломжгүй болгоод байгааг дэлгэрэнгүй тайлбарлав. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргах, тэднийг хамгаалах, хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх, хохирогч хүүхдүүдийг анхаарахгүй орхисноос тэд гэмт хэрэгтэн болох эрсдэл дагуулдаг болохыг анхаарах шаардлагатай гэлээ.
Хохирогч нь сэтгэцийн гэмтэл авдаг, энэ нь хүний амьдралын чанар, зан үйл, нийгмийн харилцаа, сэтгэхүй, сэтгэл зүй гээд бүх зүйлд нөлөөлдөг учраас чанартай арга хэмжээг эрт хугацаанд нь авч чадаагүйгээс гэмт хэрэгтэн болох эрсдэл дагуулдаг аж.
Ийнхүү уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд
“Та бидний хамтын ажиллагаа ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй байна гэж найдаж байна. Бидний уулзалт-хэлэлцүүлэг, үүний мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлууд бол онцгой чухал ач холбогдолтой, том үйл хэрэг гэж бодож байна. Хүний эрхийн асуудал дунд “жижиг” асуудал гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсаар байгаа иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд Та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ.