“Хүн болох багаасаа”, “Хүүхэд-Эрдэнэ” төслийн сайн туршлагыг улсын хэмжээнд судалж байна
2025.06.24

“Хүн болох багаасаа”, “Хүүхэд-Эрдэнэ” төслийн сайн туршлагыг улсын хэмжээнд судалж байна

Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Хүн болох багаасаа”, “Хүүхэд-Эрдэнэ” төслийн сайн туршлагыг бусад аймгууд болон нийслэлийн дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын агентлагууд судалж, Чойбалсан хотод зөвлөлдөх уулзалт /2025.0623/ зохион байгууллаа.

Тус төслийн санаачлагч УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн сайн туршлагыг солилцох ажлыг эхлүүлж байгаа Засгийг газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүн У.Үжин нарт талархсанаа илэрхийлэв. 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас дараах мэдээллийг хийгээд байна.

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөлдөх уулзалт-сургалт”-ын хүрээнд Дорнод аймагт ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа газар, хэлтсийн албан хаагчид “Хүн болох багаасаа” төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа.

Төслийн хүрээнд 3 хөгжлийн төвийн байрыг орон нутгаас тохижуулсан байна. Үүнд, “Гадаад хэлний сургалтын төв” 8 танхимд 525 хүүхэд, “Авьяас төв” 11 танхимд 250 хүүхэд, “Спорт төв” спортын 6 төрлөөр 320 хүүхэд хичээллэх боломжтой. Эдгээр дугуйлангийн байр, санхүүжилтын асуудлыг орон нутгаас хариуцдаг бөгөөд ганцхан ХГБХХГ хүүхдийн хөгжилд анхаарах бус орон нутаг даяараа хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

Хөгжлийн төвүүдэд 2024 оны байдлаар аймгийн төв, сумын нийт 16195 хүүхэд хамрагдсан байгаагаас харвал хүүхдийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээ харьцангуй чанартай, хүртээмжтэй байгаа нь харагдлаа.
Хүүхэд, багачууддаа нийтээрээ санаа тавьж, САЙН ТУРШЛАГА эхлүүлж буй Дорнод нутгийнханд талархал илэрхийлж, амжилт хүсье" гэжээ.