
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзлаа
Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын дэргэдэх ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн С.Зулпхарын хамт Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Д.Үүрийнтуяа “Хүн ам зүйн чиглэлээр судалдаг судлаачид Монголд цөөрсөн байгаа нь манай тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаа, шинжилгээ нь хүн амын өсөлтийн асуудлыг зөв замаар, үр дүнтэй шийдэхэд шийдвэрлэх нөлөөг үзүүлдэг суурь ухагдахуун учир хүн ам зүйн чиглэлээр судалдаг судлаачдыг бэлтгэх, тэднийг дэмжих асуудалд бид анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-тай хамтран та бүхний арга зүй, туршлагаас хуваалцаж, судалгаа шинжилгээний ажлууд дээр хамтран ажилласнаар бид суурь олон асуудлуудыг шийдэж, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй” байгаагаа уламжиллаа.
Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Зулпхар хэлэхдээ “Монголчуудад гаргадаг таны сэтгэлийг бид өндөр үнэлдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын өсөлтийн асуудалд амжилттай ажиллаж байгаа ажлын тань үр дүн үүний тод илрэл юм. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай байна гэдэгт итгэл дүүрэн байна”.
НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи “Монгол Улсын хүн амын өсөлтийн одоогийн үзүүлэлт 2.5 хувьтай байгаа ч ойрын ирээдүйд 1.8 хувь болон буурах эрсдэлтэй байна. Ийм үед танай ажлын хэсэг байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байгаад бид баяртай байна. Бидний энэ уулзалт ч гэсэн цаг үеэ олсон уулзалт болж байна. Бид Монгол Улсын нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийн түүвэрчилсэн судалгааг хийж дууссан. Удахгүй 2-р шатны судалгааг улс орон даяар хийнэ. Энэ судалгаанаас хүн амын өсөлтөд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлүүд илүү тодорхой болно. Тиймээс эдгээр судалгаанууд дээрээ хамтарч ажиллая. Мөн та бүхний хийсэн судалгаануудыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн судлаачид руу илгээж хоёр талын судалгаануудынхаа үр дүнг нэгтгэж, техник арга зүйн зөвлөгөө өгөн хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ингээд дараагийн улзалтаар хоёр талын судалгаанууд болон хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөлтийн талаар нарийвчлан ярилцахаар тохиролцлоо.