Л.Энх-Амгалан: Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улс төрөөр хийж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2025.06.26

Л.Энх-Амгалан: Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улс төрөөр хийж болохгүй

Боловсролын салбарт үүсээд буй цаг үеийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд тайлбар өгсөн. Энэ үеэрээ “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэсэн юм.

Тэгвэл өмнө нь БШУ-ны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээрх асуудалд тайлбар өгч "Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улс төрөөр хийж болохгүй.

Миний эхлүүлсэн боловсролын 6 шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даан ч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна.

2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарлаж УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөгийг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.

Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчихээд, түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ.

Цаашид П.Наранбаярын боловсролын 6 шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно.

Намайг ажиллаж байх сүүлийн 5 жилд Элсэлтийн шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит факт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Л.Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье.

Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Битгий хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН намын удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье" гэжээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан