Монгол-Киргиз хоёр орны найрамдалт харилцаа шинэ түвшинд хүрэхэд нэг урагшиллаа
2025.06.30

Монгол-Киргиз хоёр орны найрамдалт харилцаа шинэ түвшинд хүрэхэд нэг урагшиллаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга, Киргизийн хэсгийн дарга Э.Байсалов нар ахалж, манай улсаас УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд нарын төлөөлөгчид оролцлоо.

Хуралдааны үеэр талууд Монгол, Киргизийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалыг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурлаа.

Шадар сайд С.Амарсайхан хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүнд ноогдуулж буй хорио цээрийн хоригийг цуцлахыг Киргизийн талд санал болгов. Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлэх, улмаар Монгол Улсад хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг киргизийн тал дэвшүүлэв. Талууд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохирч, улмаар эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, бусад улс орнуудын зах зээлд нийлүүлэхээр санал нэгдэв.

Түүнчлэн талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг сэргээх, хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тогтов.

Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан оюутан сургах чиглэлд анхаарч ажиллахаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Монгол Улсын Эрдэнэт хотноо “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг эрчимжүүлэхээр тохиров.