
Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарт бодлогын өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай!
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Харвардын их сургуульд үндсэн багшаар (faculty) сүүлийн 20 гаруй жил ажилласан. Тухайлбал тэрбээр Харвардад ажилласан 20 жилд Харвард, Монголын хамтарсан судалгааны байгууллага Монголдоо нээж, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд чиглэлийн олон улсын хэмжээний судалгаанууд хийсэн байдаг.
Д.Ганмаа Улсын Их хурлын гишүүний үүргийн дагуу оролцох ёстой ажлууддаа хамрагдахын сацуу хүн амын эрүүл мэндэд хамаатай асуудлуудад илүүтэй төвлөрч ажиллаж байна. Тухайлбал, манай улсад эрүүл мэндийн тогтолцоо гэдэг ойлголтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг үнэлж шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлохыг зорьж байгаа гэсэн үг.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайж руулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж, эрүүл мэндийн шат шатны 20 гаруй байгууллагад биечлэн очиж, нөхцөл байдлыг орчинд нь үзэж, танилцax, зохион байгуулах ажлыг хийсэн байна.
хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг тогтолцооны хүрээнд цогцоор нь, системтэйгээр авч үзэх хэрэгтэй
Тэрбээр, Төсөв санхүү, хүний нөөцийн хувьд гээд шийдэх асуудал их бий. Тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болсон, тогтолцооны хувьд шинэ бодлого, үр дүн хэрэгтэй гэж хардаг. Эмнэлгийн тусламжийн хуулиндаа хүн төвтэй, иргэнд ээлтэй шалгуурыг заавал оруулж, эрүүл мэндийн чанарыг нөхцөлдүүлдэг хүчин зүйлс (агаар, орчин, ногоон байгууламж, хувь хүний зан үйл гэх мэт)-ийг цогцоор нь харж, хэрэгцээг үнэлэх нь зайлшгүй тулгамдсан асуудал болсон. Эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үнэлснээр хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг тогтолцооны хүрээнд цогцоор нь, системтэйгээр авч үзэх хэрэгтэй” хэмээн онцолсон.
Түүнчлэн тэрбээр өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 2025 оны улсын төсвийн төслийн ажлын хэсэгт болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн төсөл дээр ажилласан юм.
УИХ-ээр сонгогдсоноос хойш нийтдээ 14 ажлын хэсэгт ажиллаж байна. Үүнд: Стандартын орчин, Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээ, Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, Дотоод орчны бохирдлыг бууруулах, Нийгмийн халамжийн тухай, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудал, Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг зэрэг чиглэлүүдээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүдэд тус тус ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
"Эрүүл мэндийн салбарын хүний хувьд хүн амын эрүүл мэндэд хамаатай асуудлуудад илүү төвлөрнө. Эрүүл мэндийн салбарт бодлогын өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэж үздэгээ түрүүн хэлсэн. Тиймээс энэ чиглэлээр холбогдох хууль, тогтоомжуудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг юутай ч барьж авсан. Үүнийгээ цаашдаа ажил хэрэг болгоно гэж бодож байна. Энэ ганцхан хүнээс шалтгаалдаг ажил биш. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлдэг бүх байгууллага, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой хамтарч хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, эмч сургаж бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, чанартай эмээр тасралтгүй хангах, эмнэлгийг санхүүжүүлэх, даатгалын ач тусыг нийт олонд мэдрүүлэх ажлыг бүх түвшиндээ ярьж, ойлголцож, нэг зорилгын дор хамтарч ажиллах тухай асуудал юм. Үүний дараа ямар хуулинд ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь улам тодорхой болно. Эрүүл мэндийн салбарын хүн төвтэй байх, хүний эрхийг хангах хамгийн эхний ажил чанартай тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэлгүй хүргэх. Энэ нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгохыг зорино" гэв.