
2025.05.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
"ДУЛААН БАЙШИН” - АМИНЫ ОРОН СУУЦНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭНЭ САРЫН 07-ЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны санаачилгаар Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, барилгын салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчдийг нэг дор цуглуулж, шинэ технологи, тогтвортой хөгжил, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандартыг хэрхэн нэвтрүүлэх, барилга, орон сууцжуулалтын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэд, олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд Амины орон сууц барихаар төлөвлөсөн, одоо амьдарч буй гэр байшингаа дулааны алдагдалгүй, гамшигт тэсвэртэй нүхэн жорлонгүй, дэд бүтцэд холбохоор сонирхож буй иргэд “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөгт ирж, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч дотоодын болон олон улсын 80 гаруй бизнес эрхлэгчдийн шинээр нэвтрүүлж буй техник технологи, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.
Мөн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлээр санхүүжих эх үүсвэрийн банкны системийн шийдэл, шалгуур, иргэд санхүүгийн эх үүсвэртээ тохирсон ногоон зээлийг хэрхэн авах талаар мэдээллийг банк санхүүгийн байгууллагаас авах боломжтой. “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийн хүрээнд асрын гадна талд Загварын амины орон сууц, оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээ 2025 оны 05-р сарын 04-07-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны санаачилгаар Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ, олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, эдийн засгийн эргэлтэнд орохгүй зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага өндөр байгааг илтгэж байна.
ШИНЭ МЭДЭЭ


САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
2025.03.01


Аймгийн улсын аваргууд тодорлоо
2025.02.13

Сайдын тушаалаар хоёр журмыг цуцаллаа
2025.02.13