С.Цэнгүүн: Бэлэн судалгаа, баримтууд байгаа учраас, үүн дээр үндэслэн ТӨК-ийн цомхотголыг зориг гаргаж хийгээрэй!
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийллээ.
Ерөнхий сайд та анх томилогдоод амлалт өгч байсан. ТӨК-удыг 50%-аар бууруулна гээд. ТТӨК-иуд болон орон нийтийн өмчит компаниуд нийлээд 450 орчим байгаа юм. Таны шууд удирдлага доор төрийн өмчит бодлого зохицуулалтын газар дээр 99 компани байгаа. Энэ 99 компанид 58 мянган хүн одоогоор ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний албан хаагчид биш зүгээр зах зээл дээр ажиллаж болох байсан 58 мянган хүн төрийн өмчийн компанид ажиллаж байна гэдэг нь манай ажиллах хүчний хомсдол үүсгэж байгаа хамгийн том шалтгаануудын нэг. 99 компани дотор 6 төрлийн салбар дээр компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээлээр нь хуваагаад үзвэл, 17 ТӨК зүй, ёсны, монопол зах зээл дээр ажиллаж байна, 55 ТӨК хагас өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж байна. 27 ТӨК бүрэн өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж байгаа.
Нийт 99 ТӨК-ийн 83 нь алдагдалтай буюу хасах баланстай гарсан байна. Эндээс харахаар хамгийн амархнаар шийдэх боломжтой буюу 27 ТӨК чөлөөт зах зээл дээр өрсөлдөөд явах боломж бүрэн харагдаж байгаа юм. Хагас өрсөлдөөнт зах зээл дээр байгаа 55 компанийнх нь хувьд энэ бизнесийнийхний хувийн хэвшлийн боломжийг нь хязгаарладаг бодлогууд, дээрээс нь ТӨК-уд дээр олгодог давуу талуудыг нь хасаад өгөх юм бол хагас өрсөлдөөнд зах зээлүүд чөлөөлөгдөөд өгч болно. Төрийн өмчийн менежментийн шинэчлэлийг өмчийн бүтцийн өөрчлөлттэйгөөр нь бүтэн хийх боломжтой. Судалгаанууд нь бүрэн хийгдээд гараад ирчихсэн байгаа. Би Ар Би-гийн санхүүжилт дээр маш сайн зөвлөгөөнүүд гарсан. байна.