МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал УИХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад АСУУЛТ тавилаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
2025.06.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал УИХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад АСУУЛТ тавилаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал УИХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад АСУУЛТ тавилаа.

Тодруулбал, 2025 оны 06 сарын 05-нд батлагдсан Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын 53 дугаар тогтоолын 11 дүгээр заалтад "Агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх" тухай тусгасан байдаг.

Гэтэл хотын дарга Х.Нямбаатар тогтоол зөрчиж, 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксожсон түлш худалдан авах тендер зарласан асуудал шүүмжлэл дагуулж буй.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан.

Уг сонсголын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 16 арга хэмжээ бүхий 53 дугаар тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Уг тогтоолын 11 дүгээр заалтад "агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх санхүүгийн механизмыг бүрдүүлэх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх, чанар, стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл, худалдааг хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлан зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах" гэж тусгасан. Мөн уг тогтоолын 16 дугаарт "орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох" гэж заасан.

Гэтэл нийслэлийн өмчит “Тавантолгой Түлш" ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш" худалдан авах тухай ТТТХХК/20250102556 дугаартай тендерийг Төсвийн ерөнхийлөн захирагч нь Нийслэлийн Засаг дарга байхаар зааж зарласан байна.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай" 04 дүгээр тогтоолын 5 дугаар заалтад "... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар), "Тавантолгой Түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Д.Амгалан) нарт..." гэсэн байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус үндэслэн дараах асуултыг Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан юм Үүнд:

1. Төсвийн хөрөнгөөр гадаад улсаас "хөх нүүрсээр хийсэн шахмал түлш" худалдан авах тухай ТТТХХК/20250102556 дугаартай тендер нь Монгол Улсын Их Хурлын 53 дугаар тогтоолын 16 дугаар заалттай нийцэж байгаа эсэх;

2. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 5 дахь заалт Монгол Улсын Их Хурлын 2025 оны 53 дугаар тогтоолтой нийцэж байгаа эсэх, нийцээгүй бол уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авах талаар;

3. Монгол Улсын Их Хурлын 53 дугаар тогтоолын 16 дугаар заалтад нийцүүлэн Үндэсний хороог шинэчлэн зохион байгуулах талаар төлөвлөж байгаа эсэх.

Энэхүү асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлэхийг Танаас хүсье.

ШИНЭ МЭДЭЭ