МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.24
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтуяа: Монгол Улс чөлөөт эдийн засагт ороод 30 нас давсан ч харамсалтай нь угжнаасаа гараагүйг Аудитын тайлангаас харж болохоор байна

УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа үг хэлж асуулт асуулаа.

Монгол Улс чөлөөт эдийн засагт ороод 30 нас давчихлаа. Харамсалтай нь өнөөдөр угжнаасаа гараагүй байгааг ҮАГ-ын тайлангаас харж болохоор байна.

Аудитын газрын тайланд дурдсанаар 2024 онд Засгийн газрын өр ойролцоогоор 3 их наядаар нэмэгдсэн байна. 2023 онд 30,8 их наяд байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 33,4 их наяд төгрөг болсон байна. Жилдээ ойролцоогоор 10 хувь нэмэгдсэн гэсэн мөнгөн дүн харагдаж байна. Манай улсын ЭЗ бол сэхээний тасагт хэвтэж байна. Ингэхдээ гадаадын өр зээл гэсэн ангилалд байна хэмээн эдийн засагчид дүгнээд байна. Засгийн газрын өр дээр тодруулах асуулт байна.

Орон нутгийн өрийн хэсэг дээр 2,5 их наяд төгрөгний өр зээл байна. Үүний Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвт тусгасан байгаа. Улаанбаатар хотын төсвийг батлалцаж байсан хүний хувьд Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод бүтээн байгуулалт явагдах ёстой, өнгө зүсээ сайжруулах, дэд бүтцээ сайжруулах ёстойг дэмжиж ирсэн. Цаашдаа ч дэмжих болно.

2,5 их наядын 200 тэрбум нь зам засвар, Сэлбэ дэд төв дээр 1,7 их наяд, Бөөрөлжүүт дээр 300 тэрбум, Батерей хураагуурт 298 тэрбум гэсэн мөнгөн дүн байна. Хотын захиргаанаас хүн ирсэн бол асууя.

Нэгдүгээрт, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын асуудлын хувьд хаваржин Засгийн газрын ордны хажууд иргэд жагслаа. Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг эх оронд нь үлдээ, бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудыг оруул гэсэн шаардлагыг тавьсан. Үүнийг Хотын захиргаа хүлээж авсан болов уу?

Хоёрдугаарт, Эрчим хүчний сайдаас асууя. Батерей хураагуур дээр 298 тэрбум төсөвлөсөн. Үүнийг хаана, юунд зарцуулав? Хэдэн мегабайтын батерей хураагууртай бүтээн байгуулалт хаана хийсэн бэ?

Түүний асуултад НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ