2025.06.24
Эдийн засаг, Худалдаа
Л.Соронзонболд: 2024 оны тайланд туссан зөрүү хөрөнгө 1,7 их наяд төгрөг хаана аль банкинд байршиж байна?
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Нэгдүгээрт, 2024 оны тайлангаар ЗГ-ын мөнгөн хөрөнгө 6,8 их наяд төгрөг байгаа юм. ЗГ-ын нэгдсэн санхүүгийн тайланг хараад ойролцоо тооцоолохоор 8,5 их наяд төгрөг төрийн сан болон төсөл сангийн хөрөнгөөр байршиж байна. Ингээд харахаар зөрүү 1,7 их наяд төгрөг бол гарч ирээд байгаа юм. Энэ ямар учиртай хаана байршиж байгаа вэ? Төрийн сангийн хөрөнгө зөвхөн Монгол банкан дээр байршиж байгаа юу? Өөр арилжааны банканд байршдаг уу? Хоёрдугаарт, ЗГ-ын өрийн хэмжээнд ордоггүй ТӨҮГ болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газруудын нийт өр төлбөр 22 их наяд төгрөг болжээ. Үүн дотроо богино хугацаат өр төлбөр буюу нэг жилийн дотор төлөгдөх гэж байгаа өр төлбөр 8 их наяд төгрөг байна. Цаашдаа төрийн өмчийн компаниуд хэрэвашиг орлоготой ажиллаж чадахгүй бол төлбөрөө төлөхөд хүндрэл учирч болохоор харагдаж байна. Үүн дээр ЗГ ер нь ямар бодлого барьж ажиллах гэж байна? Гуравдугаарт, зарим УТҮГ болон төрийн төрийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд ЗГ-аас баталсан цалингийн ангилал шатлалыг мөрдөхгүйгээр цалин орон тоогоо батлаад байна. Энэ нь нийт зардалд их хувь эзэлжээ гэсэн байна. Энэ дээр ЗГ-аас ямар арга хэмжээ авах гэж байна? Дөрөвдүгээрт, улсын хэмжээнд зураг төсөв боловсруулахад маш их хэмжээний төсвийн мөнгө зарцуулсан байна, үүнийг улсын хэмжээнд хөрөнгө болгож бүртгэсэн үү? Тавдугаарт, Үндэсний аудитын газраас ЗГ-ын гадаад зээл ашиглалтын 239,4 тэрбум төгрөг нь эдийн засаг болоод нийгмийг ямар ч үр өгөөж багатай салбарт зарцуулсан байна гэх. Энэ ямар салбарт зарцуулсан хөрөнгө байсан юм бэ? Зургаадугаарт, төсөв дээр авах боломжгүй боловсон хүчнийг төсөвт тусгуулж, цалингийн сангаа нэмэгдүүлээд, урамшуулал одоо ажиллаж байгаа ажиллагсдынхаа цалинг нэмэгдүүлэхэд зарцуулдаг байдал өөрчлөгдсөн үү?
ШИНЭ МЭДЭЭ



