2025.06.24
Эдийн засаг, Худалдаа
Б.Мөнхсоёл: Төсвийн сахилга бат, төсвийн зарцуулалтын тайлагналт үнэхээр түүхий байна!
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл үг хэллээ.
Хаанаас нь эхэлмээр юм бэ гээд гишүүд ярьж байна. Өмнөх оны гүйцэтгэл, ирэх оны төсөв дээр гарч буй зүйлс давтамжтай байна гэж харж байна. Сайд нар, УИХ-ын гишүүд, албаны хүмүүсийг залхаасан асуултууд жил бүр давтамжтай явдаг. Иргэд олон нийтийн бидэнд итгэх итгэл улам муудаад байна. Татварын багц хуулийг оруулж ирье, Нийгмийн даатгалын шимтгэл, сангийн асуудлыг ярих гэхээр, бууруулах гэхээр төсвийн орлого буурахгүй, сангийн мөнгө хэцүүднэ гэдэг. Гэтэл нөгөө талдаа төсвийн орлого, зарцуулалтын тайланг харахаар үнэхээр харамсмаар зүйлүүд байна. Бид жил бүр нэгнийгээ хуурдаг. Яах ёстой вэ? Сангийн яамны хүнийг харахаар өөртөө итгэлгүй, битгий сонсоосой гэсэн юм шиг арайхийн хариулж байна. Ямар хэцүү юм бэ! Та нарын буруу биш, улстөрчид нөлөө үзүүлээд буйг ойлгоод байна. Тайланд өгүүлснээр 15.7 их наяд төгрөгний алдаа, зөрчил илэрсэн байна. Энэ нь Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 49,9 хувьтай тэнцэж байна. Энэ маш харамсалтай. Засгийн газрын байгууллагуудын хувьд буюу нийт төсвийн захирагчид төсөв санхүүгийн сахилга батыг сахимаар байна, хууль тогтоомжийг мөрддөг баймаар байна, хариуцлага хяналтыг сайжруулмаар байна.
12-т Жилийн эцсийн санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгийн үлдэгдлээ тайлагнадаггүй, зөрүүтэй тайлагнасан, тайланд нэгтгүүлдэггүй , төсвийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлдэггүй, зориулалтын бус зүйл үр ашиггүй зарцуулсан, ажилчдын цалин хөлс, урамшууллыг илүү дутуу тооцож оруулж олгодог, сахилгын шийтгэлтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгодог, татвар суутгаагүй, няттлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй гээд бүх боломжит хувилбар бүхий алдаа зөрчлүүд дурдаад бодлогын дүгнэлтийн зөвлөмжийг дор бүр нь өгсөн байна.