
2025.05.07
Олимп, Паралимпын бэлтгэл хангах Бэлтгэлийн нэгдсэн төв байгуулах асуудал хөндөгдлөө
Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн ерөнхий боловсролын спортын дунд сургуулийн асуудлаар Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Үндэсний шигшээ багийн төлөөлөл болон спортын холбоодтой өнөөдөр /2025.05.06/ уулзалт хийж, санал солилцлоо.
Тус сургууль нь 2009 оноос хойш Спортын төв ордонд байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн бэлтгэлийн үйл ажиллагаатай давхцаж, хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд суралцах нөхцөлд сөргөөр нөлөөлж буйг холбогдох байгууллагууд онцоллоо.
Мөн шигшээ багийн тамирчдын цалин, нийгмийн баталгаа, дасгалжуулагчдын цалин хөлс хүрэлцээгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж, Олимп, Паралимпын бэлтгэл хангах олон улсын шаардлага хангасан Нэгдсэн бэлтгэлийн төв байгуулах асуудлыг хөндлөө.