2025.05.14

Л.Оюун-Эрдэнэ: 20 орчим жил гацсан "Гашуунсухайт-Ганцмод" хил холболтын төмөр замын ажил урагшиллаа

Монголчууд “гараа сайн бол бариа сайн” гэж бэлгэшээдэг. Улс орныхоо хурдтай хөгжлийн төлөө хэрэгжүүлэхээр зорьж буй хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Гашуунсухайт-Ганцмод” хил холболтын төмөр замын төсөл гацаанаас гарсан. Улмаар Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт /2025.05.14/-ны өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна. Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

“Гашуунсухайт-Ганцмод” хил холболтын төмөр замын төслийн талаар манай улс, урд хөрштэй 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж байсан түүхтэй. Ийнхүү 20 орчим жил гадаад, дотоод олон хүчин зүйлсээс улбаатай гацсан дээрх төсөл урагшлах боломж бүрдлээ.  

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа