Х.Булгантуяа: Төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалтуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгоё.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.13) хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Нэгдүгээрт,
УИХ-аас 2024 оны төсвийг батлахад хэдэн үүрэг чиглэлүүд өгсөн. Түүнийг та бүхэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Сая О.Саранчулуун гишүүн хэлсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Боловсролын үйлчилгээ, эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ бол сургууль цэцэрлэг нь хүртээмжгүйгээс үүдэлтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр зэргийн жишиг зургуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр шинэчлэн батлуул гэсэн ажлуудынхаа талаас хөөцөлдөөсэй.
Хоёрдугаарт,
Яам тамгын газрынхан хөгжлийн бэрхшээлтэй хүний ойлголтыг нэмэгдүүлэн сайжруулахын тулд хууль батлах нь хангалттай биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн зөвлөл нэг хэсэг маш сайн ажилласан. Яг энэ танхимд, та бүхний сууж байгаа энэ индрээс бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар сууж байгаад манай яамны илтгэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг амьсгаа даран сонссон. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай маш сайн ойлголттой болоод, дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн зөвлөлийн гишүүд, тэр үед Д.Гэрэл дарга өөрөө мөн байсан байх. Бүх яамнуудаар явж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн ээлтэй байдлаар бодлого шийдвэр гарсан эсэх, зөвлөлөө байгуулсан байна уу? гээд үнэлгээ өгсөн.
Тухайн үед яамнууд бид нарыг зарим нь их загналаа. Бид маш их зүйл ойлголоо. Бид нар үйл ажиллагаагаа сайжруулах ёстой юмнууд байгаа. Манай салбарын бодлого дээр ийм юм орхигдоод байгаа юм байна гээд маш сайн ойлголттой болсон байсан. Түүнээс хойш дахин яваагүй юм шиг байна. Тэр нь 2023 оны намар явсан санагдаж байна. Тэгээд л таг зогссон. Дараа нь орон нутгаар явна гээд Дархан руу хамт явж байсан. Үүгээр энэ ажил зогссон байх. Үүнийг тасралтгүй хийгдээсэй гэж хүсэж байна. Яам, тамгын газар луу явах хэрэгтэй, аймаг орон нутаг руу очих хэрэгтэй. Би Дархан-Уул аймгийн засаг даргатай хамт сууж байгаад та бүхний саналыг сонсоод хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллүүд аймгийн засаг даргадаа санал тавьж байхад ажлын хэсгийн Аззаяа дарга шууд ийм ийм саналуудыг шийдье. Саналуудаа аваад нэг дэхь өдөр ороод ирээрэй би шийдээд өгье гэсэн. Дараа нь хурал дээр гаргасан саналуудыг бүгдийн шийдсэн шүү гэж байсан. Одоо та бүхэн тэгж ажиллаж байна уу, үгүй юу? Энийг ганц яам, агентлаг хийнэ гэвэл угаасаа барахгүй. Нөгөө шийдвэр гаргаж боловсролыг хүртээмжтэй болгох үүрэгтэй, эрүүл мэндийг хүртээмжтэй болгох яам, тамгын газрууд ойлгохгүй байгаа цагт та бүхэн тохируулагч агентлаг болоод ч чадахгүй. Тиймээс энэ зүйл дээр анхаарч ажиллах шаардлагатай.