АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт танилцуулж, хэрэгжилтийг хангах асуудлаар санал солилцох уулзалт өнөөдөр/2025.05.13/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт боллоо.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр болон холбогдох ажилтан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр дээрх тогтоолд заасан Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг үнэлэх нийтлэг аргачлалыг боловсруулж, батлах, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “MNS ISO 37001: Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” стандартыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай онцлон дурдав.
Одоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХХК, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК зэрэг төрийн өмчит 7 хуулийн этгээдэд уг стандартыг нэвтрүүлээд байгаа бөгөөд цаашид хамрагдах хуулийн этгээдийн тоог үе шаттай нэмэгдүүлэх тухай хэлэлцлээ.
Тогтоолыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн жилийн эцсийн тайлангийн хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгөхөөр боллоо. Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайланд хийсэн үнэлгээгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нийт 26 агентлагаас 67.9 хувийн үнэлгээгээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн дүнтэй байна.

Сэтгүүлч