Баруун бүсийн аймгуудын орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын сургалт-зөвлөгөөн боллоо
2025.06.19

Баруун бүсийн аймгуудын орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын сургалт-зөвлөгөөн боллоо

Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын сургалт-зөвлөгөөнийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2025 оны 06 дугаар сарын 13-15-ны өдөр зохион байгуулж, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн 60 орчим албан хаагчид оролцлоо.

Сургалт-зөвлөгөөнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл оролцож, бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах чиг үүргийнхээ хүрээнд хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр мэдээлэл өгч, арга зүйн сургалт хийлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшилт, бүртгэл, ашиглалт, зохицуулалт, хадгалалт, хамгаалалтын зарим асуудалд”; “Орон нутгийн өмчийн газруудад хийсэн шалган зааварчлах үйл ажиллагаа, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”,
“Компанийн засаглал” сэдвийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл илтгэл тавьсан бол “Орон нутгийн өмчийн хяналт шалгалтад анхаарах асуудал” сэдвээр Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, “Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнг эрчимжүүлэх нь” сэдвээр, Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг нар мэдээлэл өгч, арга зүйн семинар өгөв.

Сургалт-зөвлөгөөний үеэр баруун бүсийн аймгуудын “Өмчийн удирдлага, бүртгэлийн асуудлууд, сайн туршлага” сэдвийн дор оролцогч аймгууд ололт, туршлага, тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, мэдээлэл, санал солилцож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг төлөөлөл оролцсон албан хаагчдаас асуулт асууж, хариулт аван нийтлэг тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэн хэрхэн оновчтой шийдвэрлэх асуудлаар нэгдсэн зөвлөмж авахаар тогтсон байна.

Энэ удаагийн сургалт-зөвлөгөөнийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар хариуцсан бөгөөд “Авлигын эсрэг НЭГДЬЕ” уриа дор зохион байгуулж, өмчийн харилцааны салбарт ёс зүй, шударга ёс, эерэг хандлагыг эрхэмлэн ажиллаж, олон нийтэд энэ агуулгыг түгээх нөлөөллийг бий болгох уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарснаараа баруун бүсийн уулзалт-зөвлөгөөн онцлог байлаа.

Дашрамд дурдахад, “Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнг эрчимжүүлэх нь” сэдэвтэй мэдээлэл, арга зүйн семинарын агуулга Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлэх, тайлагнах шаардлагатай талаар болон шударга ёсыг төлөвшүүлэх, ёс зүйтэй, хариуцлагатай байх, нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг нь авлигын эсрэг үйл ажиллагаанд хэрхэн чухал болох талаар оролцогчдыг сэдэлжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүчин чармайлт гаргах хандлагыг бий болгоход нөлөөлөхөд чиглэжээ.

Мөн баруун бүсийн сургалт-зөвлөгөөний үеэр оролцогч аймгуудын дунд спорт, урлагийн олон төрөлт нөхөрсөг тэмцээн, уралдааныг зохион байгуулж, бүсийн аварга, шилдгүүдээ тодруулсан байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан