2025.06.25
Б.Жаргалан: Олонхын бүлгээс даргалагч сонгодог хатуу нөхцөлийг санаачлагч дундаас сонгодог байхаар өөрчлөх нь хяналт шалгалтын механизмыг сайжруулж буй хэлбэр, ахиц дэвшил мөн
ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Бид өнгөрсөн хугацаанд парламентын хяналт тэнцлийн тухай маш их ярьж байгаа. Парламентын хяналтын чиг үүргийг энэ парламент сайжруулах ёстой гэдэг агуулгыг ч мөн маш их ярьдаг. Тэгэхээр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд парламентын хяналт тавих механизмуудыг тодорхой тодорхойлсон байгаа. Энэ хүрээнд орж ирж байгаа өөрчлөлт, энэ парламентын хяналт шалгалтын механизмыг илүү боловсронгуй болгоход чиглэсэн гэж харж байгаа. Гишүүдийн дурдаад байгаа түр хороо байгуулах асуудлаар гарын үсэг зурсан гишүүд дотроосоо түр хороо даргалагчийг сонгох гэх зэргээр уян хатан зохицуулалт хийхийг дэмжиж байна аа. Яг хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд зөвхөн олонхын бүлгээс л даргалагчид томилогдоод байгаа юм. Тэгэхээр зөвхөн олонхын бүлгээс даргалагчид томилогдохоор энэ УИХ дээрх хяналтын үндсэн механизм чинь олонх цөөнхийн бүлэг байгаад байгаа. Олонх цөөнхийн хяналт алдагдаад байгаа гэж харж байна. Гишүүдийн хэлж байгаачлан түр хороог санаачилж байгаа гишүүдийн санаачилгаар тэр дундаас даргалагчийг олонх цөөнхийн бүлгийг харгалзалгүйгээр сонгох боломжийг нээж өгөх нь байж болох асуудал гэж үзэж байна. Хэлэлцэх эсэх асуудал дээр үүнийг дэмжиж, босгоод өгвөл дараа дараагийн хэлэлцүүлэг дээр зарчмын зөрөөтэй саналаар уг саналыг оруулаад УИХ-ын хяналт шалгалтын механизмуудаа илүү боловсронгуй болгох, цаашдаа энэ хяналт шалгалтын түр хороодын үйл ажиллагааг илүү сайжруулах, олон нийтэд илүү нээлттэй болгох үр дүнг нь илүү тодорхой болгох асуудал дээр ахиц дэвшил гарна аа гэдэгт итгэж байна.

Сэтгүүлч