2025.06.27

Д.Үүрийнтуяа: Уул уурхайн бус орлогын татварыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асууж, хариулт авлаа.

Нэгдүгээрт

нэгдсэн төсвийн зарлагыг 1,8 их наядаар бууруулахаар төлөвлөж орж ирж байгаа. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтөд ер нь ямар нөлөө гарна гэж тооцож байгаа вэ? Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөллийн тооцоо судалгааг хийсэн үү? 

Хоёрдугаарт

бид нар уул уурхайн салбараас хамааралтай эдийн засагтай улс. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнээс хамаарсан хүндрэлийг яаж давах вэ гэдэг дээр өнөөдөр тулаад байна. Тэгэхээр уул уурхайн бус орлогын татварыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа вэ? Тухайлбал цахим платформ дээр байдаг цахим арилжаа худалдааны хэрэгслүүд нэлээдгүй дэлгэрчихлээ. Үүнийг барьж татвар ноогдуулах, орлогоо бүрдүүлж чадах боломж байхгүй юу. Нөгөө талдаа ард иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүнд хууртагдаж хохирдог асуудал үүсэх нь. Ямар ч татварын тооцоолол, татварт ноогдуулахгүй орлоготой үйл ажиллагаанууд нэлээдгүй байна. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа вэ? Энэ чиглэлийн төлөвлөлт орж ирсэн юм болов уу?

Гуравдугаарт

Бид нар төсвөөсөө нэлээдгүй олон зардлуудыг хасаж байгаа. Та бүхний танилцуулж байгаа энэ тооцоолол дээр төсвийн ерөнхийлөн захирагчдын эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог тодорхой хэмжээний санхүүжилт байдаг. Энэ бол 5 сайдын багц дээр байгаа байх. Гол нь ард иргэдэд олгож байгаа зээл хөнгөлөлтийн л асуудлууд байгаа гэж ойлгож байгаа. 5 сайдын багцаас ХАА-н сайдын багц бол үндсэндээ 40 тэрбумаар буурсан. Энэ нь өөрөө ХАА-н салбарын төсөл хөтөлбөрүүд янз бүрийн байдлаар олгодог зээлүүд, ЖДҮ-члэлийг дэмжих зээл маань энэ хэмжээгээр буураад үйлдвэрлэлийнхээ асуудлыг эргээд хумьчих гэж байгаа юм биш биз дээ? Энэ 40 тэрбумд ямар нэгэн сөрөг эрсдэлийг тооцсон тооцооллууд байна уу? Ямар нөлөө дагуулна гэж тооцож байгаа вэ?

Сүүлийн асуулт ЗГ-ын мөрийн хөтөлбөрт 14 мега төслийнхөө ажлыг хэрэгжүүлж байж эдийн засгийн өсөлтийг хангана. ДНБ-ийхээ өсөлтийг хангана гээд тооцчихсон явж байдаг. Би бараг 3 сар гарын өмнө Эдийн засгийн хөгжлийн яам руу албан бичиг явуулаад энэ 14 мега төсөлтэй холбоотой материалуудыг өгөөч гээд нэг тал хагасыг нь олж авчхаад сууж байна. Үндсэндээ энэ 14 мега төсөл эхэлчихсэн нэг хэсэг нь байна. Зураг төсөв хийгдээд бэлэн болчихсон нэг хэсэг байна. Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Зураг төсөв ч үгүй юм байна гэж ажиглагдаад байна. Эдийн засгийн хөгжлийн яам материалуудаа нэгтгэж аваад яамнуудаасаа цуглуулаад өгнө гээд байгаа. Энд эрэмбэлэгдсэн эрэмбэ байна уу. Ямар түвшинд явж байгаа вэ.

Түүний асуултад, Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар хариуллаа