2025.07.04

Д.Рэгдэл: Дүүжин тээвэр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?

УИХ-ын чуулганы 2025/07/04-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Улаанбаатар хотын зүгээс ямар ч байсан түгжрэлийг бууруулах талаар алхам алхмаар нэлээн ажил хийж байгаа нь мэдэгддэг. Түгжрэлтэй холбоотой маш том өгөгдлийн сантай болсон байна лээ. Тэр өгөгдлийн сан дээрээ ажиллаад шинжлэх ухааны үндэслэлтэй асуудлаа шийдээд явахад нэлээн амжилтад хүрэх боломжтой. Гэр хороолол, орон сууцжуулах ажил бол ерөнхийдөө эхлэлийн шаттай болов уу гэж боддог. Эхлэлийг  бас харж байна. Энэ ажлыг цааш нь эрч хүчтэй зохион байгуулалттай явуулахад эрх зүйн боломжоо сайжруулах зорилгоор хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм байна гэж харж байна. Үүнтэй холбогдуулаад 2,3 асуулт асууя.

Нэгдүгээрт, 

 Энэ хуулийн 7.1.1 дүгээр зүйлийн оноосон нэр байгаа юм. Газрыг дахин төлөвлөж, Гэр хорооллын хөгжлийн гэх ойлгомжгүй илэрхийлэл байна. Яагаад гэвэл монголчууд нэг санааг хоёр үгээр илэрхийлэхдээ үгийн аймгаар илэрхийлдэг. Монгол хэл бол эхнийх нь үйл үгээр. Төлөвлөх гэчхээд 2 дахь хэсэг нь хөгжлийн гэчихсэн байна. Тэгэхээр энэ 2 чинь нийлж ойлгогдохгүй шүү дээ монгол хэлнийхээ найруулгаар. Тэгэхээр үүнийг бодох ёстой. 

Хоёрдугаарт 

Энэ сангаа юу юунд зарцуулах вэ?  Зарцуулалт бол их боломжийг нь зааж өгсөн мөртлөө нэг юмыг орхигдуулсан байна. Үүнийг яагаад орхигдуулсан бэ? Айл өрхийн гэрийн дулаан алдагдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гээд амины орон сууц, гэр хорооллын амины орон сууцыг орхичихсон байгаа. Амины орон сууцыг дулаалах, дулаан алдагдлыг бууруулбал гэрүүдийг дулаалснаасаа илүү урт хугацаатай ажил болно гэдэг нь ойлгомжтой.

Гуравдугаарт

Энэ сан хэний сан гэдэг нь хуулийн нэмэлт өөрчлөлтөөс харагдахгүй байгаа. Хяналт тавих, захиран зарцуулах, бүрдүүлэх асуудал бол иргэдийн хурал дээрээ Засаг дарга баталчихдаг. Захирлыг нь хэн томилох юм гэдгээсээ хамаарна. Одоо манайд байдаг сангуудаас бодоход энэ НЗД-ын дэргэдэх тусгай сан гэсэн хэлбэртэй сан гэж ойлгогдоод байгаа. Тэр зөв үү? Энийг хариулж өгнө үү?

Сүүлийн асуулт. Түгжрэлийг бууруулах асуудлыг танилцуулахдаа Засаг дарга хэд хэдэн чухал арга хэмжээг нэрлэсэн. Тэрний нэг нь дүүжин тээвэр. Тэгэхээр энэ дүүжин тээврийг яагаад нийслэлийн доторх түгжрэлийг бууруулах арга хэмжээ гэж үзээд байгаа юм бол. Би бүр гайхаад байгаа. Анх энэ түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулахад бол би гишүүн нь байсан. Хорооны даргадаа хэлж байсан юм. Энэ дүүжин тээвэр түгжрэлийг бууруулах арга хэмжээ биш байна шүү. Хэдэн хувь бууруулна гэсэн тоо бодвол оруулж ирж байгаа болов уу? Хэчнээн хүнийг газар дээрээс хөндийрүүлээд тэнгэрийн тээврээр зөөгөөд тэр нь түгжрэлийг хэдэн хувь бууруулаад явах юм бэ? Энэ дээр нэг тооцоо хэлж өгвөл сайн байна.

Түүний асуултад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.