2025.05.16

Д.Батлут: Хотын статустай болох асуудлыг үгүйсгээгүй, гол нь хууль хэрэгжихдээ эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчилгүй л байх ёстой

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нэлээн маргаан дагуулж байгаа. 2020 оноос хойш яригдсан юм. Тэгээд энэ хуулийг тухайн үеийн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дарга ахлаад явж байсан. Яг үнэндээ Дархан, Эрдэнэтээс сонгогдсон гишүүд, Дархан, Эрдэнэтийн иргэдийн эрх ашиг зөрчигдөөд байгаа учраас батлуулахгүй явсаар байгаад 4 жилийн нүүр үзсэн. Тэгээд 2024 оны 6 сард батлаад явж байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр асуудлууд ярихаар хууль эрх зүйн хувьд зөрчилтэй байгаа улсууд байгаа учраас Засгийн газар дээр тодорхой шийдэл гаргахгүй байгаа юм болов уу гэж харж байгаа. Уг нь УИХ-ын 72 дугаар тогтоол болон, энэ хуулийн хэрэгжилтийг хангах субъект нь Засгийн газар, НЗДТГ гэж харж байгаа юм. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг биш. Ажлын хэсэг хууль эрх зүйн хүрээндээ ажлаа хийж байгаа эсэх дүгнэлт гаргах, цаашлаад хууль эрх зүйн хувьд нь өөрчлөлт оруулах асуудал дээр л анхаарч ажиллах ёстой.

Түрүүн бас Х.Нямбаатар дарга 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажлаа хийгээгүй байна гэж хэлж байх шиг байна. Уучлаарай жаахан андуурсанлсан байлгүй, тийм зүйл байхгүй. Нийслэл хотын статустай болох асуудлыг үгүйсгээд байгаа юм ерөөсөө биш. Гэхдээ энэ хууль хэрэгжихдээ, эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчилгүй л байх ёстой. Хот байгуулаад асуудал нь шийдэгдээд явъя гэж бодъё. Дарханд Шарын голоос бусад сумд нь Дархан хотынхоо бүтцэд ороод явдаг. Тэгэхээр сумын ИТХ, багийн ИТХ 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь сонголтоор баталгаажчихсан. Энэ хүмүүсийн асуудлыг яах вэ гэдэг асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулж өгч чадаагүй. Энэ нь өөрөө төлөөллийн зарчим алдагдаж, эргээд Үндсэн хуулийн зөрчилд очих магадлалтай болно.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа