2025.05.16
М.Бадамсүрэн: Босоо томилгоог арилгахын тулд орон нутгийн хотуудын бие даасан байдлыг нь хангах нь чухал
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Энэ хуулийн бэлтгэл ажлыг хангаад хэрэгжүүлээд явсан бол сайн байсан. Дахин нэг жилийн хугацаагаар хойшлуулъя гэж байгаа юм байна. Хойшлуулахгүй байх нь зүйтэй. Энэ хугацаанд бэлтгэлээ цаашид хангаж чадах уу? Жилийн дараа дахиад бэлтгэл ажил болсонгүй гээд сууж байх уу? Яагаад гэхээр энэ хуулийн төслийн үзэл баримтлал дээр хойшлуулж байгаа үндэслэл бол тодорхойгүй байна лээ. Хууль эрх зүйн хүрээнд ийм зүйлээс болж хойшлууллаа гэдэг.
Хоёрдугаарт, орон нутгийн шинж чанартай хотуудыг хөгжүүлэх дээр онцгой анхаарахгүй бол үндсэндээ Бүсчилсэн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого гээд маш олон бодлогын баримт бичиг гаргадаг хэдий ч орон нутгийн төвлөрсөн хотуудыг хөгжүүлэх, дэмжих тал дээр ялангуяа орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, томилгооны эрх мэдлийг нэмэгдүүлэх, өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тодорхой бодлогыг энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал төрийн өмч, тусгайлан орон нутгийн өмч гээд байна. Ялангуяа орон нутгийн томилгоо нь ихэвчлэн босоо томилгоотой болчихсон. Өмнө нь орон нутагт ихэнх нь хэвтээ томилгоотой байсан бол одоо эсрэгээрээ болсон. Ардчилсан нийгмийн үнэ цэнэтэй хамгийн чухал зүйл бол хэвтээ нутгийн өөрөө удирдах түвшний байгууллагыг бэхжүүлэх тогтолцоо. Яагаад вэ гэвэл Монгол Улс өргөн уудам нутагтай, 21 аймагтай. Нэг аймгийнх нь нутаг нэг улсын нутгаас том хэмжээтэй. Өөрөөр хэлбэл нэгдмэл улс хэдий ч орон нутгийн засаг захиргааны нэгж тэр дундаа төвлөрсөн суурин газруудыг дэмжих, төсвийн хувьд бие даалгах энэ бодлого бол чухал байгаа. Жишээлбэл, боловсролын хуулинд өөрчлөлт ороод яамны сайд аймгийн боловсролын газрын даргыг томилдог энэ тогтолцоог бүрдүүлсэн юм билээ. Яг үнэндээ яамны сайд хүн орон нутгийн боловсролын газрын даргатай ажил хэргийн хувьд хэр уялдаатай, байнга хамтарч ажилладаг юм бол би мэдэхгүй байна. Эсрэгээрээ АНУ-д Боловсролын яамаа татан буулгасан байна. Орон нутгийн мужуудад боловсролын асуудлыг бие даан хэрэгжүүлэхийг даалгасан гээд. БНСУ-д Боловсролын газрын дарга нь иргэдээсээ хотын даргын дараа сонгогддог байх жишээтэй. Тэгэхээр бид хөгжингүй орнуудын жишгээс аль болох эсрэг болоод бүх зүйл нь босоо болоод байгаа юм. Төсвийн эрх мэдлийн хувьд, өмчийн эрх мэдлийн хувьд босоо, томилгооны хувьд бүгд босоо. Энэ зүйлийг арилгахад хотыг хөгжүүлэх, бие даалгуулах, хотын захирагчийг сонгох бодлого хамгийн чухал байсан юм. Дараа жил битгий хойшлуулаарай. Нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа бүрэн хангах хэрэгтэй. Ингэж байж орон нутгийн хотуудын бие даасан байдал хангагдаж төвлөрөл саарна. Нийслэл Улаанбаатар хотод ч гэсэн асуудлаа шийддэг хотуудын төсвийн болон бусад эрх мэдэлтэй бүтэц зохион байгуулалтад ороход цаг алдахгүй, яаралтай хийх ёстой болгоно.

Сэтгүүлч