2025.07.01
Д.Үүрийнтуяа: Эрүүл мэндийн салбар дээр 2024 оны төсвийн гүйцэтгэл яагаад дутуу байна вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025/07/01ний хуралдаанаар "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асуув.
Санхүүгийн тайлангийн аудитаар 3 төрлийн дүгнэлт өгч байгаа. Үүнд: Зөрчилтэй, Хязгаарлалттай, Зөрчилгүй гэсэн дүгнэлтийг өгдөг.Төрийн аудитын тухай хуульд 2020 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлалтай дүгнэлтэд хариуцлага тооцдог байсныг болиулсан. Төрийн албан хаагчдын дунд ч тэр ард иргэдийн дунд тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнуудын дунд аудитын дүгнэлтийн нэршил, томьёолол, түүний үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөрүүтэй ойлголтууд нэлээд байна. Тиймээс энэ талаар Үндэсний аудитын газраас нэгдсэн ойлголтыг хэлээд өгөөч. Аудитын олон улсын стандарт байдаг. Тухайн үйл ажиллагааны хамрах хүрээнд шалгах боломжгүй эсвэл шалгах нөхцөл бүрдээгүй байвал тэр хүрээгээр хүртэл хязгаарладаг. Тэр нь мөнгө төгрөг идээд байсан асуудал гэсэн үг юм уу?
Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээний төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны гүйцэтгэл орж ирэхэд барилга байгууламж, тоног төхөөрөмж дээр 171 ажил жагсагдсан байна. Үүний 29 нь гүйцэтгэл нь “0”. Огт гүйцэтгэл гараагүй гэсэн үг. Энэ 29 ажлын 10 нь “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, үлдсэн 19 нь “Эрүүл мэндийн яам” байна. Өнгөрсөн жил бид үүнийг оруулах гэж хуруу хумсаа хугалж бөөн юм болж зарчмын зөрүүтэй санал зэрэг гаргаад яригдаж байсан хоёр асуудал хоёулаа энд явж байна. Огт гүйцэтгэл байхгүй. Яагаад ийм байгаа юм бэ? Хийх боломжгүй ажлыг төлөвлөөд байна уу? Эсвэл гүйцэтгэлийн явцад төлөвлөлт, хэрэгжүүлэлттэй холбоотой ямар нэгэн асуудлууд үүсээд байна уу? Яагаад 2 яам дээр ийм өндөр дүнгээр гарч ирж байгаа вэ?
Түүний асуултад, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайд Т.Аубакир хариуллаа.