Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж ард иргэд, өрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025.05.14-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Монгол Улсын эдийн засагт баялгийн болон орлогын тэгш бус байдал үүссэн байгаа. Эдийн засгийн статистикаа харахад 2026 онд ДНБ нэг хүнд ноогдох нь 6000 долларыг 8000 доллар болгоно гэсэн төсөл гаргасан. Дийлэнх ард түмний орлого нэмэгдэхгүй байна. Хүртээмжтэй өсөлтийг бий болгоход ямар бодлогын арга хэмжээ авах вэ? Энэ нь юугаар илэрхийлж байна гэхээр Gini коэффициент гэж бий. Энэ нь өсөлтийн хүртээмжийг тодорхойлдог. Энэ нь Монгол Улсад 2024 оны байдлаар 0,39 байна. Үүнийг нэмэгдүүлж өсөлтийг хүртээмжтэй болгож яаж ард иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ? Статистикийн 6 хувийн өсөлт биш яаж эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болгох вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ямар бодлого баримталж байгаа вэ?
Эхний 4 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 600 сая долларын алдагдалд орсон. Долларын ханш өсөөд, төгрөгийн ханш суларсан. Үүнийг дагаад импортын инфляци ч бас нэмэгдэнэ. Төгрөгийн худалдан авах чадвар буурна. Ирэх онд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар бодлого баримтлах вэ? Гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж байгаа. Үүний 10 хувь нь цэвэр уул уурхайн бүтээгдэхүүн байна. Үүнд Оюу-Толгой л ганцаараа байгаа юм. Хөгжиж буй улс орнуудыг харахад гадаадын хөрөнгө оруулалт нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах коэффициент нь 60 хувь байдаг. Харин манайх 12 хувь байна. Үүнийгээ дагаад төлбөрийн тэнцлийн алдагдал, ханшийн сулрал, долларын ханшны нэмэгдэл зэрэг бүх зүйл яваад байна.
Төсвийн урсгал зардлыг 24 хувь дээр барина аа гээд байгаа. 2024 онд урсгал зардал 22 их наяд байсан. 2025 оны төсвөөр бол төгрөгөөр илэрхийлэхэд 25,3 их наяд байна. Тэгэхээр 6 хувь эдийн засгаа өсгөөд дефлятораа бодоход 2026 оны төсвийн урсгал зардал бол 24 их наяд болох гээд байна. Энэ оны төсвөөс 1 их наядаар бага. Үүнийг хаанаас, ямар байдлаар хасах вэ?
Төрийн өмчийн кампанийн зардлыг 15 хувь бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэж байна. Ямар зарчмаар бүтээмжийг хэмжих вэ? KPI зэрэг бүтээмжийг хэмждэг заалтууд байдаг. Үүнийг ашиглаж эхлэх үү, үгүй юу? Активын өгөөж нь төрийн өмчийн кампаниудын 2 хувиас бага байдаг. Тиймээс ямар реформууд хийх вэ?
Заавал төрийн өмчийн кампаниудыг салбарын сайд нь удирдаад байх биш, сан байгуулаад, баялгийн сандаа оруулах зэрэг байдлаар удирдаад өгөөжийг нэмэгдүүлэх нь зөв гэж харж байна. Олон улсын жишиг ч бас энэ чиглэл рүү явж байна. Хамгийн сүүлд 2 сард Индонез Улс төрийн өмчийн кампанийн том реформ хийгээд үүгээрээ баялгийн сандаа оруулаад явж байна.
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам, Төрийн өмчийн хорооноос тус тус хариулт өглөө.