БСШУСБХ: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
2025.05.22

БСШУСБХ: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2025.05.21/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Ч.Ундрам нар 2026 оны хөгжлийн хөтөлбөрт соёл, урлагийг хөгжүүлэхэд  ганцхан чиглэлийн ажил хэрэгжүүлэх заалтыг оруулсан эсэх, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээг хэрэгжүүлэх тухай болон бүх нийтийн биеийн тамир спортын хөгжүүлэхэд ямар ажил төлөвлөж буй талаар асуув. Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, соёл, урлагийн салбарт 30 гаруй чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн боловч энэхүү төсөлд ганцхан ажил төлөвлөж оруулсан нь харамсалтай байна.

Бид соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төслийг боловсруулах санал тавьсан гэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариулахдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогц төвийг аймгуудад байгуулахаар тусгасан. Ер нь жендэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрийн бүх байгууллага анхаарч ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүх байгууллагын урсгал болон үйл ажиллагааны зардалд тусгагдах ёстой гэв. Мөн ажлын хэсгээс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан авч үзэх нь ялгаварлан гадуурхалт хэмээн үзэж, бүхий л үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд тэгш хүртээмжтэй оролцуулж явдаг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн спортын чиглэлд анхаарч байсан бол бүх нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжих талаар анхаарч ажиллана. Мөн мэргэжлийн спортын холбоодтой хамтран бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарна гэв.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж үзэх шаардлагатай хэмээн онцлоод энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар болон багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэсэн асуултад, Эдийн засгийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нар ийнхүү хариуллаа. “Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага, шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдэл, төрийн болон орон нутгийн өмчийн музейг хамааруулж болно гэж заасан. Тэгэхээр дээд боловсролын байгууллага тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан бол эрдэм шинжилгээний байгуулагад хамруулж болно. Өнөөдрийн байдлаар ШУТИС, МУИС энэ шаардлагыг хангасан.Цаашид хэд хэдэн их сургууль шинжлэх ухааны салбарт хамааруулах хүсэлтээ ирүүлснийг судалж байна. Боловсролын яамнаас боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар хоёр ч ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 108 ерөнхий боловсролын сургууль, 95 цэцэрлэг шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэг тус бүр 45 барихаар тусгаж байна. Багшийн гурван тулгуурт бодлогыг батлан хэрэгжүүлж байна гэв. Ийнхүү асуулт, хариулт өндөрлөсний дараа байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн талаар байр сууриа илэрхийлсэн. Харин хэлэлцэж буй асуудлаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.