2025.05.22

Д.Бум-Очир: Хилийн чанадад амьдарч буй 216 иргэний эрх ашгийг хамгаалах УИХ дахь Лобби бүлэг цахимаар сонгууль өгөх боломжийг судалж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Би дэмжиж үг хэлнэ. Мөн тодруулах зүйл бий. Бас нэг мэдээллийг хуваалцаж протоколд тэмдэглүүлэх гэсэн юм.

Оны эхэнд Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл гэдэг байгууллагаас УИХ-д хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих бүлэг буюу лобби бүлэг байгуулж өгөх хүсэлт ирсэн. Уг хүсэлтийг хүлээж аваад одоогоор 18 орчим гишүүн нэгдээд лобби бүлэг байгуулаад эхний хурлаа хийсэн. Энэхүү лобби бүлэг болоод Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс дэмжиж өгөхийг хүссэн хэд хэдэн асуудал бий. Нэг нь өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа НД, Тэтгэврийн тухай асуудал байгаа. Нөгөө нь хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдийн монгол хэл соёлын тухай асуудал. Мөн И-Монголын хүртээмжийг нэмэгдүүлэх цахимаар санал өгөх боломжийг судалж өгөх хүсэлтүүдийг ирүүлсэн. Энэ хүрээнд Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн 3-р тогтоолоор хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Би энэхүү ажлын хэсгийг болон Лобби бүлгээ ахалж байгаа гэдгийг та бүхэнд мэдээлэл болгон хүргэе.

Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын хувьд одоогийн байдлаар Монгол Улс нь ОХУ, БНСУ, Унгар улс, БНПУ, БНТУ, БНЧУ зэрэг 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсанд талархалтай байгаагаа хэлмээр байна. Сайд болон ажлын хэсэгт талархаж байгаагаа илэрхийлье хилийн чанадад амьдарч байгаа монголчуудаа төлөөлөөд. Мөн миний ойлгосноор дараагийн шатанд Австрали Улс болоод Австри улсын мөн ийм хэлэлцээр орж ирэх юм байна гэж ойлгосон. Цаашдаа яамнаас бусад аль аль орнуудтай ийм гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа вэ?

Нийт хилийн чанадад 90 улсад 216 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол Улсын хүн амын 6,1 хувь байдаг юм байна. Үүнээс солонгостой гэрээ байгуулчихсан байгаа. АНУ-д 42350 хүн, Америктай ийм гэрээ байгуулагдах уу? Австрали байгуулж байгаа юм байна. 16600 монгол иргэн тэнд бий. Японд 16580, гэрээ байгуулагдах уу? Шведэд 12500, мөн Франц, Герман, Унгар гэсэн орнуудад 7-8 мянган монгол иргэн байгаа юм байна. Энэ бол хилийн чанад дахь монголчуудаас маш түгээмэл ирдэг асуудал байдаг. Тэгэхээр дурдсан улс орнуудын Засгийн газар хооронд НД, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой гэрээ хэлэлцээр байгуулагдах эсэхийг асууя.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн