
2025.05.22
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.05.22/ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг танилцууллаа.
2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клиникийн төв эмнэлэгт амжилттай хийснээр манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ нэвтэрч, улам өргөжин тэлж, эмчилгээний арга, хэлбэр, тоо, чанар зэрэг нь хөгжлийн шинэ шатад гарч буйг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн онцлоод, эд эс үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж байгааг тэмдэглэлээ. Хууль батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин бүрдэж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломж нээгдэхийн зэрэгцээ иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эмчилгээнд явах зардал чирэгдэл мэдэгдэхүйц багасах, энэ үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо бүрдэж, шинэ шатанд гарах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо бий болох, Үндэсний төв байгуулагдах амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх бодлого, зохицуулалт төгөлдөржин, нэгдсэн сүлжээ, тогтолцоо бүрдэн хөгжиж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч