2025.06.25

П.Сайнзориг: Байнгын хороонууд дээр эрхэлсэн сайдууд нь байдаггүй тогтолцоотой. Үүнийг шийдэх талаар оруулж ирж байгаа юу?

УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, үг хэллээ. 

Чухал хуулийн төсөл орж ирж байна. Хэрвээ энэ хуулиар байнгын хороодын тоог цөөрүүлбэл бид нар бүтээмж болон хурд, УИХ-аас хэлэлцэн баталж байгаа бодлогын уялдаанууд бас хангагдах байх.Тиймээс зарчмын хувьд дэмжиж байна. Боловсролын байнгын хороог тусад нь үлдээх тийм бололцоо байгаагүй юу? Хэрэв НББСШУБХ  гэж байгаа бол нэр томьёоны хувьд бас анхаармаар байна. Нийгмийн бодлого гэдэг чинь ерөнхий том агуулга харагдаад байна. Нийгмийн бодлогод эдийн засгийн асуудал ч байгаа хууль зүйн асуудал ч байгаа маш өргөн хүрээтэй асуудал. Бид хэд л энийг л халамж НДШ эрүүл мэнд гэж ойлгоод байгаа болохоос биш  ерөнхий том агуулга.Хүн төвтэй асуудлуудыг бид их ярьж байгаа. Хүний хөгжлийн хороо болгох л  нэр томьёоны саналыг оруулж байна. Хүний хөгжлийн байнгын хороондоо магадгүй боловсролын асуудлаа ярьж  нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудлаа ярьж болох болов уу гэж хувьдаа бодож байна.Хэрэв хэлэлцэх эсэх шийдэгдээд ажлын хэсэг гарвал анхаарч  үзээрэй. 

Хоёрдугаарт энэ байнгын хороонууд дээр эрхэлсэн сайдууд нь байхгүй  сонин тогтолцоо яваад байгаа юм. Би жишээ нь ХЗБХ-д Хууль зүйн сайд байхгүй. Өнгөрсөн цаг хугацаанд О.Алтангэрэл сайд  энэ байнгын хорооны хурал дээр суухгүй байгаа гишүүн биш учраас. Уг нь сайдаасаа асуумаар байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх бололцоо энэ дээр хөндөж орж ирсэн болов уу? 

Гуравдугаарт Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулах гэж байгаа юм байна. Өргөдлийн байнгын хороог байгуулж байгаа тохиолдолд цаашдаа төрийн ба иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийг бас уялдуулж шинэчлэх асуудлыг  авч үзмээр байна. Өргөдөл гаргах чинь 18 нас хүрсэн хүн байна гээд байгаа юм. Иргэний эрх зүйн чадамжийн тухай асуудал байдаг 16 наснаас дээшээ бол ерөнхийдөө бүрэн бус чадамжтай этгээдүүд өөрийн асуудлаараа өргөдөл, гомдол, асуудлуудаа энд тэнд тавиад явах эрх нь нээлттэй.Тэгэхээр үүнийг тодорхой агуулгын хүрээнд нээж өгөх талаас нь бас анхаарч үзээч ээ гэдэг зүйлийг л хэлмээр байна. 

Түүний асуултад, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариуллаа.