2025.06.27

Б.Өлзийбат: 100 мянган иргэний гарын үсэгтэй өргөдлийг өнөө хэр авч хэлэлцэхгүй байгаа нь ХҮН ТӨВТЭЙ үзэл санааны эсрэг хууль зөрчсөн үйлдэл болж байна

Монгол Улсын 18 нас хүрсэн Иргэн бүр D.PARLIAMENT / Д-өргөдөл/ Нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан Хуулийн төсөл санаачлах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах онцгой эрхтэй.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт ШУУД ОРОЛЦОЖ, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааснаар манай улс байнгын ажиллагаатай нэг танхим бүхий парламентын ардчиллыг Үндсэн хуулиараа тогтоон баталгаажуулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.

УИХ баталсан хуулиа мөрдөхгүй байгаагийн нэг жишээ

Энэ эрхээ бодитоор эдэлж Монгол Улсын Иргэн Б. Батбилэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “Нийгмийн Даатгалын Шимтгэлийг Бууруулах Тухай“ нийтийн өргөдлийг санаачилж, үүнд 100 мянган иргэн гарын үсэг зурж нэгдсэнээр УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх боломж нээгдсэн байдаг.

Улмаар УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд 2025.04.24 хуваарилж 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл авч үзээгүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл болоод байна. 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангаж, хууль дээдлэх" зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна.

Мөн Улсын Их Хурлын дарга таны дэвшүүлсэн “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилгын цөм болох “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааны эсрэг үйлдэл боллоо.

"Иргэн Та Хүч" ИРГЭН ТА ХҮЧ залуусын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч, D-Parliament өргөдөл, гомдлын системийг санаачлагч Б. Өлзийбат энэ тухайд "Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний байнгын хороо ингэж иргэдийн асуудлыг үл тоохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. УИХ-ын даргын хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар ажиллаж иргэдийнхээ үгийг байнга сонсож, ил тод нээлттэй байж, хууль зөрчсөн НББХ-ны даргад сануулга өгч, хууль биелүүлж ажиллуулах хэрэгтэй гэж үзэж хүсэлт албан ёсоор хүргүүллээ" гэв.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн